Чацаргана тариалах зөвлөмж

Чацаргана тариалах агротехник

Талбай сонгох: Чацаргана тарих талбайг сонгохдоо усны эх үүсвэртэй, хөрс давсжаагүй, гүний ус 0.7-1.0 метрээс дээшгүй, салхинаас нөмөр, тэгш гадаргатай газар сонгоно.

Талбай бэлтгэх: Хавар 4 сарын сүүлч, 5 сарын эхээр хөрс 30 см-ээс доош гэссэн үед хөмрүүлэгчтэй анжисаар 25-30 см гүн хагалж, өрхийн тариаланд 80 см диаметртэй нүх ухаж тогоо үүсгэн 3-4  хувин усаар усалжбэлтгэнэ.

Суулгац материал:Чацарганы цэцэрлэгийг нутагшсан, нутагших ирээдүйтэй сортын 2 ба 3 настай эрүүл суулгацаар байгуулна.

Суулгацыг талбайд тарих: Чацарганы суулгацын үндэсний хүзүүг хөрснөөс 10-15 см дор суулгана. Талбайд 4х1, 4х1,5, 4х2 гэсэн схемээр хавар 4-р сарын сүүл 5- р сарын эхний 10 хоногт, намар 10-р сарын 1-р 10 хоногт багтааж тариална. 10 ш эм модонд 1 ш эр мод байхаар тооцож тарилтыг хийнэ.

Ургалтын үеийн арчилгаа:

Усалгаа: Чацарганыг ердийн нөхцөлд жилд 7-8 удаа, хуурай гандуу жил 10-12 удаа усална. Цэцэглэлт, жимслэлт болон жимс өсөж томрох  үеүүдэд ус их шаарддаг. Усалгааг өглөө, оройн сэрүүн үед хийнэ.

Хөрс боловсруулалт: Чацарганы үндэс хөрсний өнгөн хэсэгт байрладаг тул сийрүүлэлтийг 10 см хүртэлх гүнд усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, хог ургамал устгах зориулалтаар хийнэ.

Бордох: Тарилтын өмнө 1 м2 талбайд 10-12 кг бууцаар бордоно. Чацарганыг ургалтын хугацаанд хавар нахиа хөөхийн өмнө, 6-р сарын сүүл, 7-р сарын эхэн буюу ногоон мөчрийн өсөлтийн эрчимтэй үед 1 бутанд фосфор 160-240 г, кали 80-200 г нормоор тооцож хийнэ. Эрдэс бордоогоор бордосны дараа заавал усалгаа хийж сийрүүлнэ.

Таналт, хэлбэржүүлэлт: Таналтыг хавар эрт нахиа хөөхийн өмнө, намар навч унасны дараа хийнэ. Цэцэрлэгийн модыг нэг бүрчлэн үзэж эхлээд хөлдсөн, хугарсан, хатсан, өвчилсөн иш мөчрийг дараа нь хөгшин мөчрийг хайчаар хайчилж танана.

Өвчин хортонтой тэмцэх: Эрүүл суулгац материалаар тарилтыг хийх нь хамгийн чухал юм. Өвчинд тэсвэртэй сортыг сонгон тариалах хэрэгтэй.

Цэцэрлэгт хийх үндсэн бордоог зохих нормоор хийх, ялангуяа калийн бордоог өгөх нь өвчлөлтөөс сэргийлэх ач холбогдолтой. Мөн өвчилсан үед модыг үндсээр нь авч цэвэрлэнэ.

Чацарганы ялаа 6-р сарын сүүлч, 7-р сарын эхээр авгалдай гарч жимсээр хооллодог. Хоёр дахь удам нь 9-р сарын дундуур гарч хөнөөл учруулна. Чацарганы ялаанд идэгдсэн жимс хорчийж харлана.

Талбайд хавар эрт буюу намар навч унасны дараа унасан навч, хог ургамлын үлдэгдэлийг түүж устган, 10 см гүнд сийрүүлэлт хийнэ.

Мөн 6-р сарын 20-25 хооронд Децис, Карате /25-30 мл-ийг 10 л усанд/ найруулж өглөө оройн сэрүүнд салхигүй үед цацна. Дараа нь 10-14 хоногийн дараа давтан цацалтыг  хийнэ.

Ургац хураалт: Манай аймгийн нөхцөлд чацарганыг 8 сарын сүүлч, 9 сарын эхээр хурааж эхэлдэг.

Нутагшсан сорт:

Чуйская сорт: Бут нь 2.6 м өндөр, харьцангуй сийрэг, саглагар титэм бүхий буттай, өвөлд тэсвэртэй, бага зэрэг өргөстэй, бүдүүвтэр хүрэн мөчиртэй, том зууван, бортого хэлбэрийн улбар шар, эсгэлэндүү чихэрлэг жимстэй, 100 ш жимсний жин 90 гр орчим болно. Тарьснаас хойш 3 дахь жилдээ 6-9 тн/га ургац хураана. Сульдан хатах өвчин ихээр нэрвэгдэж болзошгүй.

Ирээдүйтэй сорт:

Елизавета сорт: Бут нь дунд зэрэг өндөр, дунд зэргийн шигүү титэмтэй, цилиндр хэлбэрийн, улбар шар өнгийн том жимстэй, 100 ш жимсний жин 81.5-110 гр хүрдэг.  Өвөлд маш их тэсвэртэй, тарьснаас хойш 4 дэхь жилээсээ жимсэлж, 1 га-аас 14.7-18 тн/га ургац өгдөг.

Эр модны сорт:

Алей сорт: Бут нь өсөлт сайтай, хүчирхэг, өргөн шигүү титэмтэй, 3.8 метр хүртэл өндөр ургана. Цэцэглэлт 5 сарын 10-наас эхэлж 23-26 өдөр үргэлжилдэг.

Боловсруулсан: 

ХААИС-ИЙН ХАРЪЯА УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР

Б. Батболд, ЭША

Хянасан: Г. Баяраа